Анх Япон хэлний орчуулаагчаар сураад дараа нь магистраар олон улсын харилцаагаар сурсан. Тэгээд мэргэжлээрээ ажиллаагүй хувиараа бизнес эрхлээд байж байтал ковид гараад хэцүү болж эхэлсэн дээ. Тэр үед Software Engineer гэх хүмүүс гэрээсээ ажиллаж байсан.
Би өөрөө компьютерт сонирхолтой, энэ чиглэлээрээ сургуульд оръё гэж боддог байсан ч өөрийнхөө хүслээр биш аав ээжийнхээ хүслээр өөр мэргэжлээр сураад явчихсан. Тэгээд ер нь энэ мэргэжлээрээ сураад үзье, өөрийгөө сорьё гэсэн шийдвэрээ гаргасан даа.
Нэгэнт карьераа солих шийдвэр гаргачихсан байхад маш сайн хөтөлбөртэй, зөв арга барилтай газар суръя гээд нэлээн судалсан. Тэр үед интернэтээр сурах эсвэл өөр олон газрууд байдаг байсан. Гэхдээ Pinecone-г сонгосон шалтгаан гэвэл 1-рт Шагай захирлын ярилцлагуудыг сонссон. 2-рт гэвэл технологийн салбарт байдаг танилуудаасаа асуухад Pinecone ер нь гайгүй ээ, чи энд ер нь сурчихна даа гэж зөвлөсөн.
Гэр бүлийнхэндээ анх энэ шийдвэрээ хэлэхэд “Тэг тэг. Оролдоод үз” гээд эергээр хүлээж авч байсан. Эхнэр маань ч дэмжээд, арын ажлаа сайн хариуцаад 8 сарын хугацаанд сурахад давхар ажил хийхгүй зөвхөн сургалтдаа өөрийгөө 100% зориулсан болохоор маш их баяртай байдаг.
Анх сурч эхлэхэд 30 хүрчихээд дандаа 20-иод насны залуучуудтай цуг сурахад юм ойлгохгүй тохиолдол гарч байсан. Тэгээд багш нараасаа сайн асуугаад, залуучуудтай харилцаад, өөрөө хичээгээд эхлэхэд аяндаа нөгөө гадаад хэл сурахад чих онгойно гэдэг шиг код хараад ойлгоод, сурах арга барилаа олоод явж байсан юм байна. Хүн ер нь өөрийн зорилгоо бат тодорхойлж, мэдэхгүй байгаа юмаа сайн асуугаад хичээх ёстой санагдсан. Багш бол чиглүүлэх үүрэгтэй.
Миний замнал бол 1 жил сураад дуусахгүй юм байна гэж ойлгосон. Ерөнхийдөө Pinecone-д бол яг эхнээс нь 8 сарын хугацаанд цэгцтэйгээр зааж байгаа. Тийм болохоор төгсөөд маш олон жилийн туршлагатай хүн шиг цалин авна гэж байхгүй. 8 сарын хугацаанд ажлын байран дээр гарахад шаардагдах чадваруудыг эзэмшсэн ч цаашдаа ажил дээр гарсан ч тасралтгүй суралцсаар л байх ёстой гэж бодож байна.
Цалин бол эхэндээ бага байсан ч хамаагүй тухайн ажилд ороод маш их юм сурдаг. Мөн анх ажилд орох гэж байгаа залууст зөвлөхөд миний ажиллах гэж буй компанийн алсын хараа, миний алсын хараатай таарч байна уу гээд харвал зүгээр. Мэдээж өөрийн чадварыг өсгөхийн зэрэгцээ компанидаа хувь нэмэр оруулаад явбал цалин бол өсөх нь ойлгомжтой шүү дээ.
Software Engineer-ээр ажиллахын давуу тал гэвэл заримдаа ажил дээрээ ирж чадахгүй үедээ гэрээсээ ажиллаж болдог. Бас заавал ажлын цагтаа баригдахгүйгээр шийдлээ бодож байгаад шөнө шийдэл оллоо гэхэд босоод шууд хийчхэж болдог. Тэр нь маш их ажил урагшлуулдаг. Өмнө хувиараа юм хийж байхад ажлын цагаар л ажлаа урагшлуулдаг байсан болохоор одоогийн ажил маань илүү эрх чөлөөтэй санагдаж байгаа.
Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер
Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?